Thursday, November 28, 2013

Ислам исламизм уу, терроризм уу?

Энэхүү судалгааны ажлыг ХБНГУ-д хамгийн томд тооцогддог төдийгүй Европын нөлөө бүхий томоохон судалгааны байгууллагуудын нэг болох "Дэлхий дахин ба Бүс нутгийн судлалын хүрээлэн" /German Institute of Global and Area Studies/- ийн харъяа "Ойрхи-Дорнод судлалын хүрээлэн"-гийн судалгааны материалуудыг ашиглан бэлтгэв. Ислам, Исламизм буюу Исламын Фундаменталмзм, Исламын Терроризм - эдгээр нэр томьёонуудын хоорондын уялдаа холбоо, утга агуулгын ялгааг харуулахад энэ судалгааны ажлын гол зорилго оршино.
Барууны тэргүүлэх гүрний эдийн засаг, цэргийн хүчний бэлэг тэмдэгүүдийн эсрэг террорист халдлагаар эхэлсэн XXI зуунд дэлхий нийтийг хамарсан мэтгэлцээн үүссэн билээ. Ислам гэж юу вэ? Муслимчүүд юу хүсэж байна вэ? Баруун-зүүний сөргөлдөөний дараах даяарчлагдсан шинэ мөргөлдөөний тэнхлэг тогтов уу?
Өрнөдийнхөн болон парламентын ардчилал нь ислам, терроризмтай хийж байгаа шийдвэрлэх тэмцлийн талаар тоолж баршгүй олон хэвлэл мэдээллийн нийтлэл, шууд ярилцлагын нэвтрүүлгүүдээр зарим нь ухаалгаар, эргэцүүлэх бөгөөд гэгээрүүлэх аястай харьцуулж байхад зарим нь нийтлэлийнхээ гол агуулгуудад бүдүүн тоймоор хандаж хялбарчлах хандлагатай байна. Энэ зураглал нь шар сонинуудын томоохон гарчигуудаас харагдаж байгаагаас гадна зарим / нэр хүнд бүхий / хэвлэлүүдийн тойм, тэр ч байтугай шинжлэх ухааны бүтээлүүдэд ч хамаарч байна. Мөн Барууны улс төрчид болон цэргийнхний байр суурийн нөлөөлөл ч саяхныг хүртэл уг, асуудлыг засч залруулахаасаа илүүтэй хурдасгасаар ирснийг дурьдахгүй байж болохгүй юм.
1979 онд Персийн хаан Мухамед Реза Пахлавиг исламын хувьсгалчид Ираны хаан ширээнээс нь унагаснаас хойш бараг Америкийн ерөнхийлөгч бүр Исламын ертөнцөд цусны өшөөт дайсантай байсан гэж хэлж болно. АНУ-ын Дундад-Дорнод дахь гол холбоотон болох шаах унаснаар АНУ стратегийн хувьд ялагдлын байдалд орон тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улстай хамгийн урт газраар хиллэж байсан Иран улс өрнөдийн лагериас гарснаар барахгүй мөн цэргийн ЦЕНТО эвсэл ч бас задарсан юм.
Үүгээр 1977 онд ерөнхийлөгч Картер АНУ-ын хувьд амин чухал сонирхол болохыг зарлаж байсан дэлхийн эрчим хүч хангамжийн хамгийн чухал бүс нутаг болох Персийн булан дахь АНУ-ын оролцоо аюулд учирсан төдийгүй АНУ-ын Ирантай явуулах бодлогын алдаа нь Картерийн дахин сонгогдох боломжийг хаасан гэж шинжээчид үздэг байна. Түүнийг залгамжлагч Рональд Рейган Ираны хувьсгалын удирдагч Аяатоллах Хомейнитай дайсагнаж байсан ч тэрбээр Ливийн ерөнхийлөгч Гаддафиг өөрийн гол дайсанаа болгосон байдаг. Харин эцэг Буш нь хоёр дахь Персийн булангийн дайныг Иракийн ерөнхийлөгч Саддам Хуссейны эсрэг явуулсан байхад түүнийг залгамжлагч Билл Клинтон өөрийн дургүйцлийг Иран болон Иракийн төрийн тэргүүнүүдийн эсрэг "давхар агуулгат бодлого" -оор тодорхойлж байсан юм. Иймд залуу Бушийн Осама Бин Ладены эсрэг эхлүүлсэн "Загалмайлсан дайн"-аар шинэ мөргөлдөөн эхлээгүй бөгөөд харин үүгээр дараалсан олон маргаан мэтгэлцээний төгсгөл урьдчилсан байдлаар тавигджээ.
Ямартай ч АНУ-ын засгийн газарт Исламын ертөнцийг өөрийн итгэл найдвартай холбоотнууд, Египетийн ерөнхийлөгчид Садат болон Мубарак, Саудын - арабын хаад Файсал, Халид болон Фаад нарын хүмүүс байсаар ирсэн боловч эдгээр нь өөрийн ард түмний хамт Ойрхи – дорнодын мөргөлдөөнд Израйлийг дэмжсэн АНУ-ын уламжлалт бодлогын нөлөөн дор Израйлийн талд орохоос өөр гарцгүй байдалд ордог байна.. Үүгээр хувь хүмүүстэй холбон мөргөлдөөн тайлбарлах зураглалаас холдох нь зүйтэй бөгөөд учир нь ийм маягийн дүр зураглал нь хэдийгээр байдлыг тодотгож өгч байгаа ч цаагуураа хялбарчилсан ойлголт өгөх сөрөг талтай.
Асуудлын ерөнхий зураглалыг гүйцээхэд Хүйтэн дайны төгсгөлийн дараа үүсээд буй Өрнөдийн Батлан Хамгаалах Холбоодын шинэ чиглэл баримтлалыг дурьдах нь зүйтэй. Магадгүй энэхүү шинэ чиглэл нь Хүйтэн дайнд давуу ялалт байгуулсны туган дор дараах зэвсэгт дайралтаа "Цөлийн шуурга" нэртэйгээр лалын шашинтай нэгэн орон руу хийснээр эхэлсэн бөгөөд энэ довтолгооны цаад мөн чанар нь тухайн үеийн НАТО-гийн удирдагчдын хэлсэн үгээр илэрхий харагдаж байгаа юм. Тухайлбал тэр үеийн ерөнхий командлагч асан Джон Галвин Брюсселээе бүр мөсөн буцахдаа энэ шинэ чиглэлийг тодорхойлон хэлэхдээ,"Хүйтэн дайнд бид ялсан. Далан жилийн гачигдлын дараа бид сүүлийн 1300 жилийн гол сөргөлдөөний тэнхлэгт буцаж ирлээ. Энэ нь Исламтай хийх Их зөрчилдөөн юм" хэмээсэн байдаг.
Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Вилли Клэй 1995 онд Исламын фундаментализм өрнөдийнхний хувьд коммунизмтай адил том аюул хэмээн тайлбарласан байдаг. Гагцхүү энд нэг талыг барьж бурууг тохох эсвэл үйл хэргийг мушгихыг оролдсон бус бөлгөө. Есдүгээр сарын 11 нь өөрийн өмнөх түүхтэй байсан юм." Мөн энэ аймшигт үйл явдлын хохирогч нар нь тодорхой байхад үйлдэгчид нь тодорхой бус ч бас л хүн бүрт ойлгомжтой болж чадаагүй хэвээр байгаа юм. Тэр байтугай НАТО-гийн төлөөлөгчдийн ишлэлүүд ч өөр хоорондоо зөрчилдөж байгаа нь харагддаг. Галвин дайснаа “Ислам" гэж тодорхойлсон байхад Клэй "исламын фундаментализм", түүнийг залгамжлагч Робертсон "Исламын терроризм" хэмээсэн байдаг. Эдгээр нэр томьёо өөр хоорондоо хэрхэн уялддаг вэ? Эдгээр нь нэг утга агуулгатай юм уу эсвэл ямар ч холбоогүй юм уу? Эдгээр туйлуудын хооронд дараах тайлбарууд өөрийн байр суурийг хайж байна.
Ислам
Ислам бол юуны түрүүнд монотеист буюу нэг бурханч үзэлтэй дэлхийн шашин бөгөөд өөрийн олон зуун жилийн түүхэнд баялаг төдийгүй олон төрлийн түүхэн өв уламжлал үүсгэн ирсэн билээ. Иймээс дан ганц өнөөгийн исламтай холбож буй үзэгдлүүдээр энэ шашны мөн чанарыг тодорхойлж болохгүй юм.
Эдгээр үзэгдлүүдийг ихэвчлэн энэхүү шашны урт удаан түүхэн замналын өчүүхэн хэсэг буюу зоргоор сонгон авсан үеүүдтэй уялдуулан холбодог. Жишээ нь XIV зууны үеийн ислам исламаараа л үлдэнэ. Энэ нь энэхүү шашинд урт удаан түүхийн явцдаа угтвар хариу, ухаарлын үеүүдийг идэвх, шинэчлэлийн үеүүдээр тэр болгон он дарааллаар биш ч олон газруудад нэгэн зэргээр хөгжиж, сольбиж эсвэл давхралдаж ирсэн гэдгийг хэлж буй юм.
Исламын шашинд өнөө үед янз янзын тивийн тэрбум гаруй хүмүүс нэгдэн орж байна. Тэрбээр бүс нутгийн чанартай маш олон төрлийн хэв шинжтэй байдаг бөгөөд ганц дан "Ислам"-ын тухай бичих боломжгүй юм. Шашны сургаалын үндэс суурь нь ч үүнийг үгүйсгэхгүй бөгөөд дотроо асар их ялгаатай байдаг нь энэхүү шашны хоёр том урсгал болох суннит, шиит-ээр зөвхөн ялгараад зогсохгүй эдгээрийн доторх өөр өөрийн үзэл үнэмшил бүхий жижиг урсгалууд батлаж байдаг.
Гагцхүү энэ хүрээнд л энэхүү шашинг уламжлал цамцаалаар баян шашин төдийгүй мөн өөрийн дагалдагчдын ёс суртахууны болон этикийн үзэл баримтлалд нөлөөлөн тэдний нийгэм, улс төр, соёл урлагийн өдөр тутмын амьдралд хүрч байдаг нэгэн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл буюу соёл гэдэг утгаар нь тайлбарлах боломжтой. Йим ч учираас жишээ нь бүхий л цаг үед исламыг улс төрийн зэмсэг болгох оролдлогууд байсаар иржээ. Мөн өнгөрсөн болон одоо цагт өөрийн шашныг улс төржүүлэхээс татгалзсан муслимчүудийн тоо их хэмжээгээр байсаар ирсэн бөгөөд тэд нар үүнд шашны "сүйдэл" тэр бүү хэл "бузарлал" олж хардаг байна. Ерөнхийд нь ажиглахад шашныг улс төржүүлэх хандлага истамын ертөнц эргэлт, хямрал буюу аюул нүүрлэсэн тохиолдлуудад илүү хүчтэй байсан байна.
Үүний нэг тод жишээ бол Загалмайлтны аян дайнаас хойшх Барууны исламын ертөнц дэх хамгийн нүсэр довтолгооны үед үүссэн нөхцөл байдал юм. Пирамидын дэргэдэх 1798 оны Наполеоны ялалт нь үзэгдэл төдий үйл явдал биш байсан тэрбээр үүгээрээ XIX, XX зуунуудын колончлол, имиериализмын үндэс суурийг тавьсан юм. Анхдагч үр дагаварууд болох дээрэм, дарлан мөлжилтийн сацуу мүслимчүүд оюун санааны хувьд нэгэн томоохон асуулт гарч ирсэн нь Барууныханд уул шугамандаа өөрсдөөс нь илт давуу, хамгийн сүүлд илгээгдсэн буюу ийнхүү төгөлдөршсөн номт шашин, түүнээс улбаалан хөгжсөн соёл нийгмийг яаж ялж чадав гэсэн асуулт байлаа. Энэ асуултын нэг хариу нь XIX зууны сүүлд өрнөсөн исламын шинэчлэлийн хөдөлгөөнд орших бөгөөд тэрбээр дан ганц оршин тогтнон буй тогтолцоог эргэлзэлд оруулснаараа л улс төржиж эхэлсэн явдал юм.
Г.Нинжин /Араб судлаач/

No comments:

Post a Comment