Thursday, December 5, 2013

Бурханы шашны олон салбар, урсгалын тухай


Энэтхэг дэх бурханы шашны салбар, тогтсон тааллууд
Энэтхэгт бурханы шашин нь гүн ухааны үндсэн дээр аливаа юмсын хэрхэн оршихыг тайлбарлах, үзэл баримтлалаараа 4 хэсэг болно.
1. Өвөрмөц өгүүлэгч (шинжээчид)
2. Судрын аймагтан (уламжлалыг баригч)
3. Сэтгэл төдийтөн (идеалист)
4. Төв үзэлтэн (төвийг баригчид)
Эдгээр 4 тогтсон таалал дотроо бас салбарладаг ч бичвэл их болох учир хэрэггүй юм. Бурханы шашны эдгээр тогтсон тааллууд бүгд хүлээн зөвшөөрөх, бурханы шашны бус үзэл баримтлалуудаас дараах 4 тулгуур баримтлалаар ялгаатай.
1. Бодитой бүхэн мөнх бус
2. Цувиралт (муу сэтгэл) бүхэн зовлонт
3. Юмс бүхэн би үгүй
4. Гаслангаас нөгчих нь амгалан
Бурхан багш бодь гөрөөсний цэцэрлэг хэмээх газарт бүдүүн тойм би үгүйг ухаарч чадах өвөрмөц өгүүлэгч, судрын аймагтны таалал бүхий бага хөлгөнийхөнд зориулан “Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаалыг айлдсан. Хэрэв нарийн хувьт би үгүйг номловол тэднийг тасархайн хязгаарт (бодгалийн оршин тогтнохыг үгүйсгэх) унагах байлаа.
Тас цогцолсон уул нэрт газарт их хөлгөний төв үзэл баримтлал бүхий сэтгэл төдийтөн, төв үзэлтэн буюу нарийн хувьт би үгүйг ухаарч чадах хурц оюун ухаантнуудад зориулан “Билиг билгүүний чанадад хүрэх” номыг айлдсан.
Төв үзэл хэмээх нь мөнх (хэт дөвийлгөх) хийгээд тасархайн (хэт үгүйсгэх) үзлээс ангид байхыг хэлнэ. Дээрх дөрвөн тогтсон таалал нь өөр өөрийнхөөрөө энэхүү 2 хязгаараас хагацсан байдаг.
Төвдөд дэлгэрсэн бурханы шашны салбарууд
Төвдөд бурханы шашин нь үзэл баримтлалаар 18 салбар болон түгсэн. Бүх салбарууд төв үзэлтэн буюу их хөлгөнтөн юм. Энэтхэгийн бурханы шашны олон мэргэд, төвдөөс суралцагсад энэтхэг хэлнээс олон судар, сургаалиудыг орчуулсан. Эдгээр нь цаг үе, газар нутаг, багшийн дамжлагын улмаас өөр өөр нэрээр олон салбар болон дэлгэрсэн. Эдгээрээс ихэд дэлгэрэн, өдийг хүртэл буй нь Нинма, Гаржүд, Сажа, Жонан, Гэлүг юм. Эдгээр салбарууд явдал мөр адил ч гол ялгаа нь үзэл баримтлалын ялгаа юм. Жонан нь “Бусдаар Хоосон” гэдэг үзлийг баримталж байхад Гэлүг нь “Өөрөөр Хоосон” хэмээх үзлийг баримталдаг байх жишээтэй.
Нинма
Төвдөд дэлгэрсэн тарнийн ёсны хамгийн анхны салбар нь Нинма юм. Нинма нь хуучин гэсэн үг бөгөөд тарнийн ёсны хуучин дэлгэрэлтэд үүссэн юм. Тэгэхээр нинма нь цаг үеийн улмаас нэрлэсэн байх юм. Ловон Бадамжунайгаас дамжин дэлгэрсэн юм.
Гаржүд
Зарлиг буулгах увдист дамжлагыг баригчийг Гаржүд гэж нэрлэдэг. Орчуулагч Марба буюу Чойжилодой Энэтхэгт 3 удаа, Непалд 4 удаа морилон Нароба тэргүүтэн 108 ламаас Сандуй гэх мэтийн олон увдис номлолыг хүртэв. Басхүү Майдриба-г шүтэн Махамудра-г таньж мэдэв. Төвдөд морилон Мила богд тэргүүтэн олон шавь, түүнээс Дагбу ринбүчид дамжин, Гаржүд дотроо ч их 4, бага 8 хэсэг болтлоо дэлгэрэв.
Сажа
Орчуулагч Догми буюу Кон Гончиг Жалву, орчуулагч Ман, орчуулагч Вари тэргүүтэн шинэ тарнийн ёсыг дэлгэрүүлэн түгээв. Хожим Сажа буюу цайвар шороот хэмээх газар хийд босгосноор газар нутгийн нэр Төвдийн буддизмын нэгэн салбарын нэр болов.
Жонан
Их бүтээлч Юүмо Мижод Дорж нь Дүйнхор бурханы 6 шат дараалалтай бясалгалын системийг Төвдөд ихэд дэлгэрүүлэв. Шавь нартаа дамжуулснаар түүний шавь Гүнбан Түгжэй Зундуй Жомунан гэдэг газар хийд байгуулав. Бусдаас онцгойрон ялгарч байсан тул тэдгээрийг Жонанба хэмээн дууддаг болсноор Жонан хэмээх газрын нэр Төвдийн шашны нэгэн салбарын нэр болон солигдов.
Гаадамба
Энэтхэгийн эрдэмтэн Дива Гара Шри Занаа бурханы зарлиг болсон ганжуур, 3 аймаг савын утгыг 3 төрөлхтний ламримд хурааснаар Гаадамба буюу Зарлигийн увдист хэмээн нэрлэн дуудах болсон. Жовужэ Балдан Адиша Гаадамбын ёсны үндсийг тавив. Бродонба, Бодиба, Жан Аба, Пүчүнва тэргүүтэй төвдийн мэргэд Гаадамбын ёсыг баримтлан түгээв.
Гэлүг
Богд Зонхова Гаадамба салбарын номлол, ялангуяа шинэ тарнийн дамжлагад суралцан түүнийг хослуулсан номлолтой Гандан хэмээх хийд байгуулав. Түүний дамжлагыг баригч нарыг Ганданбаа гэж нэрлэх болов. Хожим энэхүү нэрийг хэлэхэд амар болгон Гэлүгба хэмээн өөрчлөв.
Эцэст нь хэлэхэд эдгээр нь өөр өөр нэртэй, өөр өөр үзэл баримтлалтай байгаа хэдий ч бүгд л бурхан багшийн номлол дээр суурилсан, бурханы л шашин юм. Тийм учир та өөрийн сонгосон, өөрт тохирсон салбарыг сонгож тухайн багш нараа хүндлэн шүтэх хэрэгтэй. Таны сонголт таньдаа зөв ч бусад салбарыг бүү буруушаа. Магадгүй энэ нь нүгэл байж болох юм. Хэрэв та Гэлүгбийн шашинтан ч бай Ловон Бадамжунай тэргүүтэн бусад салбарыг үндэслэгчид эрдэмтэй чадалтай байсан юм шүү!!!

No comments:

Post a Comment