Thursday, December 5, 2013

Ислам шашны үүсэх үеийн түүхэн нөхцөл


Ислам шашин дэлхийн гурван том шашны нэг мөн бөгөөд буддын ба христос шашин хоёроос бүр хожуу үед, манай он тооллын YII зууны эхэнд Арабын хагас хойг арлын баруун хэсэгт (одоогийн Саудын Араб улсын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт) тухайн үеийн араб угсаатны нэгэн том овог болох курейшит овгийн дотор үүсчээ. Исламын ертөнцөд энэ шашны анх үүссэн цаг хугацааг албан ёсоор 622 он гэж үздэг.

Ислам шашин огт хоосноос санамсаргүй гэнэт үүсэж бий болоогүй, эсвэл Аллах бурхны хүсэл зоригоор, ид шидээр, зайлшгүйгээр үүсээгүй, харин тухайн түүхэн тодорхой цаг үе, нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, улс төр, соёл-оюун санааны үйл явдлуудаар уялдан нөхцөлдөж, бэлтгэгдэж аажмаар үүсэн бүрэлдэж дэлгэрсэн нийгэм-соёлын үзэгдэл болно. Ислам шашны үүсэл, төлөвшлийг тэр үеийн нийгэм-түүхийн тодорхой нөхцөл байдал, үйл явдлаас ангид авч үзэж ойлгох аргагүй…
Арабууд бол семит угсааны ард түмэн мөн бөгөөд Ойрхи Дорнодын бүс нутагт нэн эртнээс нааш идээшин суусан, зарим овог аймаг нь баян бүрд тойрч газар тариалан эрхэлж суурин амьдардаг, зарим нь зах хязгаар голцуу нутагт мал аж ахуй эрхэлж нүүдэллэн аж төрж иржээ. YII зууны эхэн үе хүртэл арабын олон овог аймаг хоорондоо тархай бутархай, үндсэндээ овог аймгийн зохион байгуулалттай, түрүү үеийн ангит нийгэм оршин байв.
Y-YI зуунд арабуудын нийгмийн амьдралд түүхэн томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Тэр нь энэ бүс нутгийн улс орон, ард түмнүүд эртний үеэс дундад зуунд шилжин орсон ерөнхий үйл явдал, түүхэн нөхцөл байдалтай холбоотой байв. Y-YI зуунд нэг талаас Арабын бүс нутагт өмнөх үед оршиж ирсэн овог аймгийн зохион байгуулалттай эртний ангит нийгэм, улс төрийн бүрдэл бүхий улсууд задарч, эдийн засгийн уналтанд орж, худалдаа, гар урлалын төв болж байсан хот суурингуудын аж ахуй доройтжээ. Мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин овог аймгуудын хөдөлгөөн идэвхжиж, цэрэг дайны хүчин чадал нь өсч, газар тариалан, баян бүрд, хот суурин газар бүхий нутгуудад нөлөө,  хяналтаа тогтоох болсон байна.
Эртний үеэс оршин тогтож ирсэн арабуудын уламжлалт нийгэм, жижиг улс орнууд тийнхүү хүч суларч задрах болсон явдал эдгээр орнуудын нийгмийн амьдрал, анги бүлгүүдийн болон суурьшмал ба нүүдэлчин аймгуудын хоорондын уламжлалт харилцаа, нийгмийн ухамсар, шашин шүтлэг өөрчлөгдөхөд хүргэсэн байна. Өмнөх үед төлөвшсөн нийгмийн ухамсар, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэгийн хэлбэрүүдээр шинээр үүсэж бий болсон нийгмийн бодит байдал, өөрчлөлтүүдийг тайлбарлаж ойлгох, оюун санаагаар эзэмших аргагүй болжээ. Арабуудын нийгмийн ахуй, эдийн засгийн өөрчлөлт нь тэдний оюун санаа, ухамсар, тэр дотор шашин шүтлэг нь мөн өөрчлөгдөж шинэчлэгдэх явдлыг нөхцөлдүүлж шаардах болсон байна.
Тийнхүү YI зууны төгсгөл, YII зууны эхэн үед арабын тархай бутархай овог аймаг, бие даасан хот, төвүүдийн өмнө тэдгээрийн хувь заяа, оршин тогтнолд нийтлэгээр хамааралтай нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулах, аж ахуй, эдийн засгийн нягт харилцаа холбоо, нэгдмэл орон зай бий болгох, нэгдсэн төр улс байгуулах зорилго, шаардлага тулгаран тавигдсан байна. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд хүчирхийлэл, цэрэг дайныг хэрэглэхийн зэрэгцээ овог аймгуудыг оюун санаа, соёлын нэгдмэл амьдралтай болгох, тэр дотор тэдний тус тусын жижиг шашин шүтээнийг халж оронд нь нэгдмэл, шинэ шашныг бий болгох хэрэгцээ шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл арабын нэгдсэн төр улсыг байгуулахад тухайн үед шашны хэлбэрээр илэрхийлэгдсэн үзэл суртал, үндэсний нэгдмэл үзэл санаа хэрэгтэй байв. Үүний биелэл, өвөрмөц илэрхийлэл болж нэгдмэл, шинэ ислам шашин үүсэж бүрэлдсэн байна.
Арабын нэгдсэн халифат улс байгуулагдах, ислам шашин үүсэж бүрэлдэх үйл явц орон зай, цаг хугацааны хувьд зэрэгцэж, давхцан явагджээ. Үүний эрхээр ислам шашин нь араб угсаатны олон овог аймаг нийгэм, эдийн засаг, улс төрийн талаар нягтарч нэгдсэний жирийн, идэвхгүй тусгал, үр дагавар байсангүй. Харин энэ үйл хэрэгтэй нягт уялдаж авцалдсан, гэхдээ харьцангуй бие даасан, дээрхи үйл явдалд эргэж идэвхтэй нөлөөлсөн үзэгдэл байв. Шинээр үүсэж бүрэлдэн байсан ислам шашин тэр үед нэгдсэн халифат төр улсыг мөн адил шинээр бүрдүүлж байгуулах нарийн ээдрээтэй үйл явцыг нэг талаар өөртөө шашны нийгэм, эдийн засаг, улс төрийн үзэл санаа, номлолын хэлбэрээр тусгаж илэрхийлэх болсны зэрэгцээ нөгөөтэйгүүр тэрхүү үйл явцад өөрийнхөө шашны номлол, сургаал, хэм хэмжээнүүдээр дамжуулж эргэж идэвхтэй нөлөөлж байлаа. Чухамдаа энэхүү харилцан нөлөөлөл, түүхэн нөхцөл байдлын эрхээр ислам шашинд, шашин төрийг хослон барих ёс буюу шашин ба төр, шашны номлол ба улс төрийн бодлого нь хоорондоо салшгүй холбоотой, нэгдмэл байх ёс зарчим үүсэн тогтож, тэр нь эдүгээ хүртэл баримтлагдах болжээ.
А.Жамбал

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Уучлаарай, энэ мэдээллийг ямар эх сурвалжаас олж авсан нь сонин байна. Учир нь хэн хүн таамаглан төсөөлж буй зүйлээ гарцаагүй нотолж батлагдсан үнэн мэт болгон бичдэг дур зоргоороо, эмх замбараагүй хэцүү цаг үе шүү дээ. Угтаа уг зүйл чухам хаанаас, хэзээнээс үүдэлтэй яг тэр орон цагаас нь эхлэн сайтар судалсны эцэст олон нийтэд түгээх нь ухаантай шийдэл юм.

    ReplyDelete