Saturday, November 30, 2013

Бөө мөргөл гэж юу вэ?


Бөө мөргөл гэж юу вэ?

Дэлхийн судлаачдын дунд бөө мөргөл хэмээгч нь шашин юм , шашин биш юм гэсэн хоёр эсрэгцсэн тайлбар өнөө хэр байсаар байдаг.
Бөө мөргөлийг шашин биш хэмээгчид нь гүн ухаан судлаачид эсвэл хөгжингүй шашин буюу Буддын шашин , Загалмайтны шашин , Лалын шашин судлаачид үзсэн байдаг.

Харин бөө мөргөл шашин мөн хэмээгчид нь ихэвчлэн нийгэм - соёлын хүн судлаачид байдаг гэж үзэж болох талтай. Үнэн хэрэгтэй бөө мөргөлийг тэдгээр шашинтай харьцуулахад нилээн ялгаатай байдаг .Тухайлвал , бөө мөргөлд зарим тохиолдолд өөрийн шүтээн болсон онгод тэнгэрээ бөөлж залж жолоодож, үйл хэргээ бүтээлгэж байдаг нь шашны бусад хэлбэрүүдтэй ихэд эсрэгцэж байна.
Энэ нь бусад шашны тохиолдолд бол хүн бурханыг захирч байгаа мэт болох бөгөөд энэ шинж нь бөө мөргөлийг шашин биш гэсэн санаа руу хөтөлж болох талтай.
Энэ мэтчилэн мэтгэвэл зөвхөн бөө мөргөл төдийгүй дом шившлэг /magic/сүлд шүтлэг /totemism/, онгон шүтлэг /animism/ зэрэг эртний шашны олон хэлбэр бүгд шашин биш гэсэн үг болдог.
Сүүлийн геийн өрнө дахины эрдэмтэд гүн ухаан болон шашин судлалын уламжилд байсан зарим онол саналыг үргэлжлүүлэн бөө мөргөлийг /religious phenonmenob буюу "шашны нэгэн үзэгдэл" гэсэн утгаар томъёолох болсон нь түүнийг шашин мөн гэж үзэж байгаагийн илрэл гэлтэй .Бидний монголчууд аман соёлтой хүмүүс , бичигддэггүй,аман соёлоор бичигддэггүйя философи юм.

Бөө хүн гэж хэн бэ?

Бөө мөргөлийг бөөгөөс ангид салган ойлгох аргагүй юм. бөө мөргөлийн гол төвлөрөх хүчин үүтгэл нь онгод гэж үзвэл түүнтнэй зэрэгцэн орших бас нэгэн бүрдүүлэгч хүч нь бөө болж байдаг. Бөө гэдэг нь нэгэнт насан эцэслэж бие бод нь үхэж үрэгдсэн
сүнс онгод өөрийн биеэ зээлдүүлэгч байх бөгөөд зарим уламжлалд арай өөрөөр
бөөгийн сүнс биеэсээ салан одож онгод тэнгэрийн орноор аялан тогуулж тэдэнтэй уулзаж хэлхээ холбоо үүсгэгч болдог.
Өөрөөр хэлбэл, онгод хүнтэй харьцах гэсэн сэдэл дээрээс үүдэн бөө хүн өий болж бөө мөргөл цогцолсон бололтой.

Бөөгийн хуяг, эдлэл хэрэгсэл
ХУЯГ: Бөөгийн хуяг хувцас хэрэглэл дор бүрд эзэн онгод байдаг. Манай дархад ёсонд хэнгэрэгийн эзэн, гутлийн эзэн гэх зэргээр, бусад угсаатанд бол тус бүрд нь эзэн онгод байдгыг сайн мэдэхгүй байна.
Хуяг нь тэнгэрээр хүчээ авсан нь цэнхэр хөх, лус савдагаар нь ногоон, аль алинаар нь хүчээ авсан нь саарал өнгийн хуягтай байсан бөгөөд одоо ч дархадад энэ хэвээр байсаар байгаа. Бөө хүн хуяглаад онгодын орноор аялах, аюул хорлолын эсрэг арга засал хийхэд нь ар талаас нь гэнэдүүлэн цохихоос сэргийлэн хуягны ар талд бүх могой, манжиг хонгинуур холбогын дийлэх олнийг байрлуулж хийнэ. Хуягны зах маань монгол төрийн хар хүний өмсдөг дээлийн адил байх ба, энэ нь эртний Хүннү үеийн бөөгөөс дамжин ирсэн байдаг. Хуяганд байх манжиг маань ястан угсаатнаас хамааран тоо нь өөр өөр байх боловч томж эргүүлсэн хонины ноос, хөвөнгөөр хийн гадуур нь даавуугаар бүрж бүтээн хадаж бэхлэн ерөнхийд нь бие манжиг, мөргөл манжиг гэж 2 хуваадаг. Хуягны маань суга хэсэг нь хүний суганы арьс нимгэн байдаг ба түүгээр дамжин онгод орж гардаг гэж цоорхой ч хийх тохиолдол байдаг байжээ . Хуягны урд энгэр нь ямар нэг манжиг байхгүй юмуу зөвхөн зүрх, хөх, эгмийн манжигууд байх ба заримд нь 9 од эсвэл нар сарыг дүрслэн байрлуусан байдаг энэ нь онгодын орноор аялахад эерэг сөрөг хүч алсаас харагддаг учир элдэв дайралтанд өртөхгүй гэх санаа. Тухайн ястаны онцлогоос хамаараад хуяг нь янз бүрийн матерал эдлэлээс бүрддэг. Дархад, цаатан бөө нар эрт үеэс гөрөөсний сармай арьсаар хийж өмсдөг байсан ч одоо үед бол голдуу бөс даавуугаар хийдэг ч хуяганд арьсаар, дээлийн ар гол хормойн салбан зэрэгт ангийн арьс оруулдаг. Буриад халх бөө нар голдуу хээ хуар торго дурданаар ганган хээнцэр матерал хэрэглэх нь олонтаа байдаг. Хуяганд байх хэрэглэл нь ар талд нь баруун зүүн мөргөл, сүүл мөргөл, зэл болон өвөр талын манжиг, могой байна.Бөө нарын өмсгөл нь ангийн арьс гөрөөсний сармай арьсаар хийгддэг байсан ч, одоо үед голдуу бөс даавуугаар хийгдэж байгаа ч, түүнийгээ амьд амьтан гэж дүрслэн үздэг учраас ар зогдорт арьс хаддаг.
МАЛГАЙ: Бөөгийн өмсгөлийн нэг гол зүйл бол малгай юм зарим нутагт оргой ч гэж нэрлэдэг. Угсаа гарвалаас шалтгаалан өөр өөр байдаг ба зарим бөө нарын малгай битүү оройтой, зарим нь оройгүй байдаг. Дээр үед зарим бөө нар намхан оройтой малгай өмсөөд алчуур зүүдэг байсан гэдэг. Алчуур гэх маань нүүрэндээ самалгатай, духандаа 2 нүдтэй, баруун зүүн шанаандаа цагаан үс арьстай, ар тал рүү унжсан захаар нь шар шувууны сүүл хадаж хоёр талын уяагаар нь толгойн ард нь уядаг байсан . Хотгойд бөө нар маань шар утсан цацаг, духны тэндээ тэмээний ноосоор хийсэн товорцог малгай өмсдөг байсан бол буриад, барга,хорчин бөө нар яг ийм товорцог малгай өмсөн элдэв гоё чимэглэлээр урладаг байсан ба буриадаар майхавч гэдэг.
Дархад бөө нарын малгай нь цардаж хүрэн бор эдээр хийх ба ардаа бүчтэй байна.Малгайны нүүрэн талд цагаан утасаар хүний нүүрний дүрс гарган, 2 талд нь чихний дүрс гаргаж хоёр талд 3,3 хонгинуур уяна. Малгайн дээд ирмэгт бүргэдийн өд буруу талаар нь босгож хадаад, дээд ирмэгт нь арьс болон бөс даавуугаар нүүрээ халхлах цацаг унжуулж, 2 талд нь нар сарны дүр гаргадаг бөгөөд малгай нь оройгүй байна. Малгай оройгүй байгаа шалтгаан нь онгодтойгоо толгойн оройгоор шууд харьцаж бөөлдөг учраас. Малгайд онгон савдагийн дүрийг гаргаж, тэд нь нар сарны туяанд бүргэд болон нисдэг гэсэн агуулагтай байдаг. Бүргэдийн өдний тоо нь харьцангуй байх ба түүний тоо өдөө хадсан байршил зэрэг нь овгийн ялгааг гарган өгдөг. Хүннү нарын үед шар шувуу, Их эзэнт гүрний үед цагаан шонхор, дараа нь бүргэд шувуун өд залах болсон гэдэг. Малгайн өнгө ч мөн овог ясны аль нь болохыг гэрчилдэг байсан гэдэг. Жиш нь хуулар бөө нар улаан хүрэн, дархадууд хөх, бор, маажраг бөө нар ногоон өнгөтай байсан гэдэг. Малгайнд байх бас нэг чухал зүйл нь нүүр самалга бөгөөд хойд нутгийн бөө нар голдуу дан гөрөөсний сармай арьсаар хийдэг байсан ба сүүлд даавуугаар хийх болсон гэдэг. Самалганы гол утга нь лус савдаг онгод тэнгэрийг хөдөлгөөнд оруулдаг гол хэрэгсэл бөгөөд харанхуйн орноор аялаж байхдаа уулзахаар зорьж яваа онгодоос өөр гадны юманд танигдахгүй гэсэн санаа . Харын засал хийж байхад бол нүүр самалга маш чухал бөгөөд нүүр танигдахгүй болдог , нүүр хараад таньвал гаргасан сүнс хар муу зүйл эргээд бөөгөө ороож авдаг учиртай юм. Мөн малгайн нүдний харалдаа өнгийн 2 даавууг гадна талаар нь цагаан цуудираар давхарлан, самалгийн баруун зүүнд талд оёж бэхэлдэг. Малгайн баруун зүүн талд тус бүрт нь 3 ширхэг хонхинуурыг арьсан түдүүлд бэхэлж хар төмөр цагираг зүүнэ.Бөө малгайн 2 хацарт нь амин сүнс байдаг гэдэг.
ГУТАЛ: Бөөгийн гутлыг бөөд ирсэн онгод ба лусын нийлбэр гэж үздэг ба гутлыг гур,турагийн сармай арьсаар хийж, урд талд нь 3 манжиг унжуулж, гадна талын түрүүнд2 хонгинуур,1 зэв үзүүртэй харвал хаддаг. Гутал залагдан ирсэн онгодын хөл болдог гэсэн утгатай. Гуталын эзэн онгод гэж байх ба, эзэн онгод маань бөөгийн хөлний үе бүрийг манаж, баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлан, шингэн орсноор гутал амилагдан байдаг бөгөөд, манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч бага байдаг учраас, тэгшилж зүүн гар талдаа илүү их анхаарч, хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог гэж үздэг . Гутлын түрүүн хэсгийг гутлын эзэн онгодын толгойн хэсэг гэдэг бөгөөд, түүнд нүүр, ам, нүд,хамар чихийг дүрсэлсэн байдаг нь олонтаа байдаг.Тэнгэр, сүнс,лусаар алинаар нь хүч авсныг бөөгийн гутлаар таньж болдог. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан болох могой хамар амыг дүрслэн хэдэн лусаар хөллөснийг мөн тоог нь оёж бэхэлсэн байдаг. Мөн гуталд шагай болон борвины яс бэхэлсэн ч байдаг. Бөөлөх үедээ заавал гутлын эзэн онгодоо дуудаж эсгэрч байж бөөлөх ёстой байдаг.
ХЭНГЭРЭГ: Хэнгэрэг нь гурвалжин, дугуй дүрстэй байх ба 6,8,9, талтай байдаг. Онгодын унаа гэж үздэг 2 хэрэгсэл байдгийн нэг нь хэнгэрэг нэг нь хуур юм, хэнгэрэгийг согоо, буга, баавгай, хандгай чонын арьсаар голдуу бүрдэг байсан ба буриад бөө нар ямаан арьсаар бүрэх нь түгээмэл байдаг. Мөн хэнгэрэгийг онгод тэнгэрүүдийн унаанаас гадна, дайсныхаа эсрэг хонгинуур гүйлгэдэг суурь, онгод тэнгэрийг баягсгагч уяруулах хөгжмийн зэвсэг, сүсэгтэн олны хүсэлтийг онгодод уламжилагч, мөн тэднээс хариугаа авах мэргэ төлгийн хэрэгсэл ч гэж үздэг. Хэнгэрэгийн хүрээ модыг аянганд ниргүүлсэн хар модоор хийж, 9 давхарлан томсон улаан утсаар булдруунуудын үеийг наадаг ба утасны 2 үзүүрийг дотор талд нь оруулж 3 хонгинуурт бэхэлдэг, энэ нь амин судас болж өгдөг. Хэнгэрийн цохиур нь онгодын үнэрлэх, амтлах эрхтэн болж өгдөг бөгөөд, аянганд ниргүүлсэн модоор хийж, согоон арьсаар бүрэн, бариулын озоорыг сэнжлэн нүхэлж цагаан дээсээр гогцоо гаргаад цагаан,хөх,ногоон, улаан даавуун цуудир уядаг.
Хэнгэрэг сойх гэж нэг зүйл байх бөгөөд энэ нь бөөлөхөөсөө өмнө зуухны баруун хойно буюу зүүн хойд талд галын элчинд ээж сойхыг хэлдэг ингэснээр хэнгэрэг маань бүрэн татаж өгдөг. Хэнгэрэгний амин судас нь гол зүйл бөгөөд булдруунуудийн дунд үеүүдийг ёс давхарлан томсон улаан утсаар даруулан хийх ба 2 үзүүрийг нь дотор талд зүрх хонгинуурын озоорт бэхэлдэг, энэ нь онгодын бүх эрхтэнийг холбосон амин гол судас гэж үздэг. Хэнгэрэгний бүрээс нь голдуу амьтдын арьсаар бүрдэг учир нь ан амьтдын өөрийнх нь зан төрх, зориг хүч, амьдралын орчин нөхцөлтөй уялдуулан үзсээр ирсэн байдаг. Хар зүгийн онгод дайсан рүүгээ хандгай, баавгай, чоноор унаа залгуулдаг бол цагаан зүгийнх буга, согоогоор залгуулдаг, энэ нь хандгайн чоно зэрэг нь зориг хүчтэй, буга согоо нь зөөлөн гэсэн билигдэлтэй байдаг. Хэнгэрэгний живэр : гэх зүйл байдаг ба энэ нь хэнгэрэгний бариул модны дээд доод хэсэгт байдаг бөгөөд , дөрвөн ховилыг онгодын унаа амьтны нурууны хоёр тал юм. Хэнгэрэгний жолоог: хонины цагаан ноос томж цагаан даавуугаар бүрж хийх ба, мөн улаан өнгийн даавуугаар ч хийж болдог. Зуузай нь: хэнгэрэгний нуруу болон бөгжинд бэхэлсэн тал дугуй хэлбэрийн төмөр эдийг хэлэх бөгөөд, нумны хөвчний үүрэг ч гүйцэтгэдэг. Хэнгэрэгний зүрх нь: нуруу модны дээд эхэнд гурван хонгинуурыг цагирагч холбон бэхлээд мөн цагирагт сэтэр онгодын хөргийг бэхэлжзалснийг хэлнэ.Хэнгэрэгний толио: нь онгодоо чөлөөтөй оруулж байх үүднээс нэг талдаа бүрээстэй нэг талдаа бүрээсгүй хийгдсэн байдаг. Хүрээ модыг: аянганд ниргүүлсэн модоор хийх ба галын дөлөнд шарж ус чийгийг ууршуулсны дараа, 2 үзүүрийг нар зөв бэхэлж бугын суран үдээсээр бэхэлдэг. Энэ нь матахад хугарахаас сэргийлэх бөгөөд , дулаан элч нь улаач болон онгодонд ээлтэй гэж үздэг .
ТОЛЬ : Монгол бөөгийн толь нь хүрэл ба гуулин байх ба 12 жилийн амьтан, нар сар дөрвөн хүчтэн юмуу лусын амьтан болох загас ч товойлгон урласан байдаг юм. Толь нь: элдвийн хараал, онгодын халдлагаас хамгаалах гол гэрэл болон цацарч явдаг гэж эртнээс бөө нар үздэг байсан ба, голдуу мэргэ төлгийн хэрэгсэл болон түлхүү хэрэглэгддэг. Бөөгийн толийг Төвдийн шашнаас авч дэлгэрсэн гэж бөө судлаач нар бичсэн байдаг.Дээр үед бүх бөө нар толь хэрэглэдэггүй байсан гэсэн судалгаа байдаг бөгөөд, халх хотгойдууд ихээр толь хэрэглэж байснаас үүдэн дархад нутагт дэлгэрсэн гэж үздэг. Хар дархад маажраг шарнууд овгийнхон их толь хэрэглэдэг харин хуулар бөө нарын зарим нэг нь л толь хэрэглэж байсан гэдэг.
ХУУР: Хуур бол бөө хүний чухал хэрэгсэл бөгөөд анх бөө болж байгаа хүн заавал хуураар онгодоо дуудаж буулган явган бөөлж эхэлдэг. Энэ ёс бол эрт дээр үеэс дархад,цаатан, хотгойд, халх, маажраг,урианхай бөө нарт байсан.
Хуурийг дархадууд хэл хуур, халхууд аман хуур, урианхайчууд гонс гэх зэргээр нэрлэдэг. Хуур нь онгод тэнгэрийг дууддаг бас нэг гол хэрэгсэл бөгөөд , шуудан хөх морь гэж дархадууд нэрлэдэг. Бөө хүний унаа болдог бөгөөд онгодын оронд хүргэдэг гол зэвсэг юм. Дархад халх ёсонд эртнээс хэл хуур, манжигаар анх явган бөөлж онгодтойгоо харьцаж байгаад дараа нь хуягладаг ёстой .Хуурийн цохилт нь шууд, хэлний, онгодын гэсэн 3 өөр цохилттой байдаг ба шууд цохилт: гэдэг маань ая оруулалгүй жигд цохиж амьсгаагаа нэгэн чигт нь байлгахийг, хэлний цохилт : хэлээ дээш доош хөдөлгөж хуурийн дуугаа бүдүнн нарийн болгож цохихийг, онгодын цохолт: гэдэг маань ямар нэг ая оруулж цохихийг хэлдэг. Хуур маань мөн дотроо эр, эм гэж бас байдаг, эр хуур илүү их сайн дуугаралттай хүчтэй байдаг.Хуураар явган бөөлөхөөс гадна, хуяглаж бөөлөх үедээ заавал өмнө нь татаж онгодоо дуудаж ойртуулж хэлэх зүйлээ урьдчилан хэлж болохоос гадна, хуураа утаж байх нь чухал , мөн хуураа татаж зөвхөн онгод буулгахгүй мэргэлж болдог, тэгж хуур татаж мэргэлэх үед онгод ирж улаачид мэдээлэл өгөх нь ч бий.Бөө хүн гал голомтоосоо онгодын оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх морь гэж үздэг учраас түүнийг морины дүрс бүхий модон хайрцагт хийн хадгалдаг.

Яаж бөө болдог вэ? Хүн бүр болох уу?

Миний ойлгосноор бөө болох ганц шалтгаан бий . Сүнс онгодоос бөө болох сонголт хийснийг тэнгэрээс тамгатай төрсөн гэж үздэг. Сонгоод авсан бол ямар шинж тэмдэг мэдэгддэг вэ? Гэвэл энэ бол хатуу хэрэг. Энэ бөөгийн өвчин гэдэг. Онгод нь хэл мэдээ өгөөд л байдаг .Онгод сонгосон улаачаа авч явахаас өмнө хажуудах бүгдийг авч явна. Ойр хавийнхнийг нь аваад явчихдаг.Энэ гай зовлон угаа аваад бөө болсны дараа арилдаг.

Бөөгийн түшээ
Түшээ хүн улаач хүмүүнээс дутахааргүй эрдэм мэдлэг, ёс жудаг, боловсролтой байх нь чухал. Сайн түшээтэй байх нь онгод тэнгэрүүд баясч түшүүлэх дуртай байдаг. Түшээ хүн бол улаач хүн, онгод тэнгэрийн итгэлт хүн байдаг. Улаач хүн онгод шүтээнээ залахын өмнө байх ёстой унд, эдээ, сархад, олбог түүн бүгдийг зэхсэн байх учиртай. Улмаар улаач дээр буух онгодын өмсгөл, хуяг хувцас, хэрэгслийг бүрэн бүтэн байгаа эсэх, онгод шүтээнээ буулгахын өмнө онгод тэнгэрийн захьсан захиас юуг зэхсэн, юуг үйлдэх учиртай тэр бүгдийг үйлдсэн байвал зохилтой. Ялангуяа зарим онгод өргөөндөө хамгаалалтыг зэхсэн байдаг бөгөөд тэрхүү хамгаалалтыг бүрэн сайн ундаалж, онгод тэнгэртээ өргөлөө сайн өргөх. Онгодоо залахын өмнө залах гэж буй улаач хүнийг ариун ганга, арцаар утаж мөн залрах өргөөг нь сайн утсан байх. Учир нь одоо цагт олон хөлийн хар цагаан нь ээлжилсэн энэхүү хот, төв суурин газарт хүн буртагт автах нь энүүхэнд болсон цөвүүн цаг юм. Улаач хүний адил түшээ хүн мөн өөрийгөө гангаар утаж аривлаж байх нь сайн, учир нь онгод тэнгэрт унд, эдээ зэргийг залж дэргэд нь хамгийн ойр түшиж тулдаг хүн тул түшээ хүн өөрөө хир буртаггүй, ариун байх нь чухал.
Хуяг өмсгөл хэрэгслийг бүгдийг сайн ундаалж умаар улаач хүнийг онгод тэнгэрээ залахад дэргэд нь байх байх ёсгүй зүйлсийг ажиглаж анхааралтай байх хэрэгтэй. Онгод тэнгэрийг залрахад түшээ хүн юуны урьдтаа амар мэндийг мэдэж, сүү, унд, эдээ, сархад барьж онгод тэнгэрийг тухлуулж улмаар яриаг өрнүүлэх учиртай. Онгод шүтээнүүд сүүг арвин дээдэлдэг учраас сүүг нэн тэргүүнд эхэнд онгод тэнгэртээ сайн сайхныг билэгдэн залдаг. Түшээ хүн заларч буй онгодтой сайн яриа өрнүүлж, онгод тэнгэрийг баясгаж, ид хав, чадлыг магтан байх аваас онгод шүтээнүүд ихэд баярладаг. Онгодын хэлсэн үг яриа, сургааль, захиас зэргийг түшээ хүн маш сайн ойлгодог байх хэрэгтэй, улмаар зорин учирж буй хүмүүст үнэн зөв дэлгэрүүлж сайн ойлгуулах нь чухал. Үнэхээр зарим ойлгоогүй зүйлээ онгодоосоо сайн асууж бүрэн болгох нь чухал. Одоо үед сархад их залснаар хүчийг их авдаг гэдэг буруу ойлголт их явдаг. Шинээр бууж заларч буй онгодод хүчийг хурдан авахуулахад унд, эдээний хамтаар сархад залах ёс байдаг. Мөн онгод тэнгэр хүчээ авсаны дараа өөрөө сархадаа багасгаж хорих ч явдал байдаг. Нутаг ёс, ёс заншлаас шалтгаалж өөр өөр байх нь дамжиггүй. Онгод тэнгэртээ юу барих, юуг залах тэр бүгдийн хэмжээ, дарааллыг түшээ хүн хянаж онгод тэнгэрээсээ учир бултыг сонордож байж улмаар мэдлэгээ тэлэх нь сайн. Онгод тэнгэр хүчээ авснаас хойш сархад хүртэх аваас гурвантаа тагшаас их хүртдэггүй бол зарим онгод сархадыг ихээр хүртдэг байна. Хамгийн гол нь хүртэж буй онгод улаачаасаа сархадаа авч мордож буй эсэх нь чухал. Залрах бүрийдээ сархад ихээр хүртэж улаач нь согтуу байх нь тийм ч сайн зүйл биш болов уу. Учир нь Монгол орон маань урьдын урьд цагтаа өнөөдрийх шиг ингэж их сархад архи ихээр байгаагүй байлтай. Иймээс онгод шүтээн залж, түшиж буй түшээ нар үүн дээр анхаарах нь чухал. Үнэхээр сархадыг онгод ихээр хүртэх, мөн улаачдаа сархадаа үлдээх аваас учирыг нь асууж лавлаж байх. Онгод дуу хууранд их дуртай байдаг тул түшээ хүн хангай, уул ус хайрхад, хүмүүний сайхан дуунуудыг аялгуулж дуулдаг байх нь онгодыг ихэд баясгадаг. Одоо цагийн түшээ нар онгод тэнгэрүүд залрах бүрийдээ их зүйлийг хэлдэг хамгийн гол нь нэг удаагийн буулт дээр буухад нь хэлсэн амин чухал тэр бүгдийг түшээ нар сийрүүлж бичиж тэмдэглээгүйн улмаас мартдаг. Тиймээс бичиж тэмдэглэж, онгодыг мартсаны дараа улаач хүнд уншуулж хэлсэн бүх учирыг тайлуулж байх. Бүрэнхий оройд онгодыг залахад түшээ хүн ойр зуурын эд хэрэгсэл, унд бүгдийг зэхэх зэрэгт гэрэл, шүдэнзнээс эхлээд бэлдэх зүйл их л байдаг. Тиймээс түшээ хүн улаач хүний адил онгод тэнгэрийг залахад нэн чухал хүмүүсийн нэг билээ.

Лус Савдаг Гэж Юу Вэ?

1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
3.Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр
Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм.
Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг.
Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог.
Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг.
Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг.
Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя:
1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах
2.Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх
3.Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих
4.Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг
5.Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх
6.Шувууны өндөг ,үүр сүйтгэх
7.Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх
8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах
9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино.
Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөж байх.
Өргөл өргөхдөө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. Юунд өргөх байна түүнийгээ дуудах
2.Хэн өргөж байна өөрийгөө таниулах
3. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг. Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө:
-Хан их хайрхад
Хатан их лусад мин ээ
-Туулай жилтэй Баяр би идээ цайныхаа дээжийг өргөж байна аа
-Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу гэх мэт.
Бидний эргэн тойронд нүдэнд үл үзэгдэх олон олон энерги байдаг бөгөөд эдгээр нь бүгд сайн сайхан юмс байдаггүй. Өөрийн хандаж өргөж байгаа юмсаа дуудаж өргөхгүй бол эдгээр болох болохгүй завсрын сүнснүүд таны өргөлөөр хооллоод өргөл тань хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй дүлий өргөл болдог. Ер нь өргөл өргөнө гэдэг нь тухайн хүн тэнгэртэйгээ харьцаж байгаа үйлдэл юм. Эрт дээр үеэсээ өвгөд дээдэс маань өргөлөөрөө тэнгэр лусадтайгаа харьцаж өөрөө өөрийгөө засч чаддаг байжээ.
Өргөл өргөх, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн шалдан очиж байгаатай ялгаагүй байдаг. Ямар ч монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс байдаг. Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад оролцох, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.

Албин Тийрэн гэж юу вэ?
Хүнд үхсэн хүний сүнс наалдчихсан байдгийг хэлнэ.

ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ.ОРГ

No comments:

Post a Comment