Friday, November 29, 2013

Бурханы шашны нэр томъёоны тайлбар


1. Бурхан


Бурхан гэдэг үг нь Буддха (Budhha) гэсэн санскрит үг юм.
Энэтхэг хэлэнд дараалан орсон хоёр д үсгийг "р" үсгээр
дууддаг тул "буддха" гэдэг үгийг "бурха" гэж дууддаг
байжээ. Энэ нь сунжирсаар Монгол хэлэнд Бурхан гэж
дуудагдах болсон байна. Тиймээс Христийн шашинд
хэргэлж буй бурхан гэдэг үг нь ертөнцийн эзний нэр
бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр болохыг энд
тодруулах нь зүйтэй.
2. Шагжамүни
Шагжаан чадагч гэсэн утгатай Бурхан багшийн өөр
нэгэн алдар. Шагжа гэдэг нь Бурхан багшийн овгийн
нэр бөгөөд бие, хэл, сэтгэлийн гурван үүдийг нүглээс
хамгаалж, нисваанисыг дарсан тул чадагч гэжээ.
3. Цогт Зөөлөн
Манзушри бурханы өөр нэгэн алдар. Манзушри бурхан
нь хэмжээлшгүй их эрдмийн чуулганыг цогцлоосон тул
Цогт, нисваанисын хатуу ширүүн буртгаас хагацсан тул
Зөөлөн хэмээн алдаршжээ.
4. Хутагт
Бурханы айлдсан гүн сургаалын нарийн утгыг илтэд
мэд эхийн зэрэгцээ муу сэтгэлийг дарж эхэлснээрээ
эгэл бодьгалаас үлэмж хэтийдсэн хүмүүнийг хутагт гэдэг.
5. Шастир
Шастир гэдэг үг нь "шасадара" гэсэн санскрит үг
бөгөөд "шаса" нь засах, "дара" нь аврах, гэтэлгэх гэсэн
утгатай үг юм. Тодруулбал муу сэтгэлийг засаж, муу
заяанаас аврах гэсэн утгатай ажээ. Ном бүгд муу
сэтгэлийг засаж, муу зовлонгоос аварч чадахгүй тул
тэр бүгд шастир болж чаддаггүй.
6. Бярман (бархман)
Эрт урьд Энэтхэгт хааны язгуур, барамсайн
язгуур, ноёны язгуур, харц язгуур гэх дөрвөн их язгуур
байжээ. Сайн цагийн мянган Бурхан бүгд хааны язгуур
болон барамсайн язгуур аль нь ертөнцөд илүүд
тооцогдоно тэр язгуурт төрөх болно гэж үздэг.
Бярман язгуурын хүмүүс ариун дэг жаягийг сахидаг
өндөр язгууртан нар байдаг тул хутагт Нагаржуна энэ
язгуурт мэндэлсэн байна.
7. Бодьсадвын анхдугаар газар
Бурханы хутагт хүргэх чуулганы, барилдлагын, үзэхүйн,
бясалгахуйн мөр ба Бурханы хутагт хүрсэн үл
суралцахуйн мөр гэх их хөлгөний таван мөр бий.
Эл таван эрдэм нь Бурханы хутагт хүргэх эрдэм
бүгдийн суурь мөний тул газар хэмээн нэрлэгджээ.
Эдгээрийн үзэхүйн мөрөөс эхлэн Бурханы газарт
хүрэх эрдмүүдийг бодьсадвын арван газар гэж
хуваадаг. Бодьсадвын арван газраас анхдугаар
газрын эрдмийг Хутагт бээр илтэд болгоосныг
энд дурьдсан байна
8. Бошиглож
Эгэл бодьгалын илтэд мэдэж үл чадах ирээдүй цагийн
онцгой явдлыг зөгнөж, тодруун айлдсан Бурханы
айлдварыг бошиг гэдэг. Хутагт Нагаржуна, хутагт
Асанга мөн Богд Зонхова тэргүүтэй олон дээдсүүд
Бурхан багшаас бошгийг олсон билээ.
9. Нирваан
Билиг билгүүний хүчээр зовлонгийн уг шалтгаан
болсон нисваанисыг ахин хэзээ ч төрүүлэхгүйгээр
дарж чадсан хувь чанарыг нирваан хэмээнэ.
Нэгэнт зовлон хийгээд зовлонгийн уг шалтгаан
бүрийг гүйцэд арилгаж чадсан тул нирвааны амгалан төсөөлшгүй аж.
10. Гэлэн (аяга тахимлаг)
Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар,
бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх
гурван санваар бий. Ангид гэтэлгэгчийн санваарт
гэнэн (увш), гэцэл, гэлэн гэх гурван санваар байдаг.
Гэлэнгийн санваартан нь хоёр зуун тавин гурван
зүйлийн дэг жаягийг сахидаг бөгөөд "Үүнийг сахиж
чадваас асар түргэн нирвааны хутгийг олох болно" хэмээн
судар, шастирт олон дахин айлдсан байдаг.

No comments:

Post a Comment